Showing posts with label Сонин сайхан Солио гажуу. Show all posts
Showing posts with label Сонин сайхан Солио гажуу. Show all posts

Saturday, September 7, 2013

2:39, Их үд, Ням

Маркс, Спенсерийн цагаан цамц
Зах нь халтайчихсан
Угаагаад нэмэргүй
Хаячихья гэхээр хайран

Хаяахад хайран
Авахад хэцүү...

Thursday, August 11, 2011

Аль ч хэлэнд орчуулагдашгүй адармаатай 20 үг

Эрдэмтэн Ш.Баатарын хэлснээр монгол хэл найман түмэн үгтэй. Тэр дунд орчуулахад түвэгтэй, эсвэл нэг хоёр үгээр орчуулах аргагүй нутгийн онцлог үг олон. Жишээлбэл, аргалыг харийн ямар ч хэлэнд “үхрийн хатсан баас” гэж буулгаж болох ч монголоос өөр хэлээр ярьж, сэтгэдэг хүнд төдийлөн ойлгогдохгүй болов уу. 

Аргал түүж буй эр - А man is collecting dried dungs.
 Яг үүнтэй ижил орчуулахад бэрхшээлтэй, тухайн үндэстэн, газар нутгийн онцлогийг тусгасан, орчуулагдашгүй үг аль ч хэлэнд бий. Гол нь тийм үгсийг тухайн улс үндэстний сэтгэхүйгээр шууд хүлээн авч ойлгох нь гадаад хэл суралцагчдад ихээхэн чухал юм. Ингээд орчуулах аргагүй 20 үгийг жишээ болгон толилуулъя.

Тоска (Орос хэл): Владимир Набоков энэ үгийг хамгийн оновчтой тайлбарласан байдаг. Тэрбээр “Англи хэлний ямар ч үг “тоска”-гийн ганц ч үсгийг илэрхийлж чадахгүй. Энэ үг хамгийн гүн гүнзгий, хамгийн их зовлон шаналалтай үед ямар нэгэн шалтгаангүйгээр сүнслэг чанар тань маш ихээр тарчилж зовохыг хэлнэ. Юунд ч тэмүүлэхгүй атлаа байж ядмаар байхыг мөн илтгэнэ. Заримдаа энэ нь ямар нэгэн зүйлийг ихээр шунаж хүсэх эсвэл санагалзал, бүтэлгүй хайраас төрөх мэдрэмж юм” хэмээн бичжээ.

Mamihlapinatapei-Мамихлапинатапэй (Яаган-Өмнөд Америкийн Галт арлынхны уугуул хэл): Хоёр ба түүнээс олон хүн үггүйгээр, харцаараа ойлголцон ямар нэгэн зүйл хийхийг маш ихээр хүсэх авч хэн, хэн нь эхэлж чадахгүй байх. 
Jayus-Жаюу (Индонез хэл): Хэн ч инээхээргүй онигоо, хошигнол ярьдаг нэгнийг огтоос шогийн мэдрэмжгүй хэмээн элэглэн шоолох.

Iktsuarpok-Икцуарпок (Инүит хэл): Гадагш гарч, хэн нэгэн ирж байгаа эсэхийг харах.

Litost-Литост (Чех хэл): Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй” романы зохиолч Милан Кундера нэгэнтээ Энэ үгийн утгыг тунгааж, бусад хэлнээс ижил төстэй үг олох гэж хэчнээн хичээсэн ч тусыг эс олов. Энэ үггүйгээр хүний сэтгэлийг яаж ойлгохоо би төсөөлж чаддаггүй гэж хэлсэн удаатай. Энэ үг удаан гуниж, цөхрөнгөө барснаас болж цухалдал, шаналалтай байхыг илэрхийлдэг.

教育ママ Kyoikumama-Кёоикүмама (Япон эх): Хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд шахаж шаардан, хичээл их хийлгүүлдэг эх.

Tartle-Тартл (Шотланд хэл): Дөнгөж танилцсан хүнийхээ нэрийг мартчихаад, санах гэж хичээж ядах.

Ilunga-Илунга (Баруун өмнөд Конгын банту хэл): Дэлхийн хамгийн орчуулах боломжгүй үг хэмээн хэл шинжээчдий дунд танигдсан энэ үг хамгийн чадварлаг мэргэжлийн орчуулагчдад ч хэцүү санагддаг. Энэ үг “Гомдож шаналсан өөрийг нь гомдоосон хүнийг эхний удаад уучилж, өршөөн сэтгэлээ тайвшруулан бүхнийг мартах хоёр дахь удаад зовж шаналан бас л тэвчин өнгөрүүлнэ. Харин гурав дахь удаад хэзээ ч уучилж өршөөхгүйгээр үзэн ядах” гэсэн утга илэрхийлдэг гэнэ.

Prozvonit-Прозвонит (Чех хэл): Гар утасны хэрэглэгч нөгөө хэрэглэгч рүү залгах ч тасална. Улмаар нөгөө хэрэглэгч эргэн залгаж, эхний хүний мөнгийг хэмнэнэ. Энэ нь монгол хэлний “дохих” гэдэг үгтэй яг тохирч байна. Испаниар мөн “Dar un toque” гэдэг байна.

Cafuné-Кафунэ (Бразилын португал хэл): Хуруугаараа хэн нэгний үсийг оролдох.

Schadenfreude-Шоодэнфроидэ (Герман хэл): Хэн нэгний золгүй, бүтэлгүй үйлдлийг шоолон инээж баясах. Энэ үгийн утгыг “Америкийн хөгжилтэй видео” нэвтрүүлэг бүрнээ илэрхийлэх болов уу. 


Torschlusspanik-Торшлуспаник (Герман хэл): Үгчилбээс “хаалга хаагдах үеийн сандрал”. Харин ерөнхий утга нь “хугацаа өнгөрөх тутамд багасч буй боломжийг алдахаасаа айх”.  

侘寂 Wabi-Sabi-Ваби-Саби (Япон хэл): Бичгийн хэлэнд ихэвчлэн хэрэглэдэг. Кавабата, Кэнзабүро, Мишима нарын зохиолд энэ үгтэй олон тааралдах болов уу. Энэ үг “Эрээн бараан амьдралаас сайхныг нь олж харан муу муухайг тэвчин хүлцэж, үхэх төрөхийн ертөнцөд байгалийн хуулийг даган уналт, сэргэлтийн аль алийг хүлээн авах” гэсэн утгатай.

Dépaysement-Дөпэйзмон (Франц хэл): Харийн нутаг, танил биш газарт байгаа мэт санагдах.  

Tingo-Тинго (Пасха арлын рапануи хэл): Найзынхаа гэрээс ямар нэгэн зүйлийг маш ихээр хүсэн байж аваад, аажмаар бүгдийг нь. Монгол хэлний “гар бариад бугуй барих” гэсэн хэлцтэй төстэй.

Hyggelig-Хэгли (Дани хэл): Дулаан, тайван, нөхөрсөг байдал зэрэг олон утгатай. Гэвч эдгээрийг шууд илэрхийлэхгүй. Хэл шинжээчид энэ үгийг задгай галын дэргэд найзуудтайгаа суун, халуун дотно яриа өрнүүлэхэд мэдрэгддэг мэдрэмжийг илтгэнэ хэмээн тайлбарлажээ. 

  

L’appel du vide-Лапэл дү вид (Франц хэл): Хоосны дуудлагагэж үгчлэн орчуулагдах боловч энэ үг өндрөөс үсрэхийг уриалсан үг юм.

يقبرني Ya’aburnee-Якбүрни (Араб хэл): Үгчилбэл “Чи намайг оршуулах нь” гэсэн утгатай энэ үгийг араб хэлтнүүд хайртай хүндээ хэлдэг. Хэдийгээр хачирхалтай сонсогдовч энэ үг “хайртай хүнээсээ түрүүлж өөд болно, яагаад гэвэл тэр хүнгүйгээр би амьдарч чадахгүй” гэсэн утгатай.  

Duende-Дүэнди (Испани хэл): Энэ үг эхэндээ хүн төрөлхтнийг захирч, байгалиас айх сэтгэлийг хүмүүст өгдөг үлгэр домгийн сүнслэг бодьгалыг хэлдэг байсан бол аажимдаа утга нь өөрчлөгдөн “хүнийг хүчтэйгээр өдөөн сэргээдэг урлагийн ер бусын нууцлаг хүч”-ийг илэрхийлэх болжээ.

Saudade-Саудади (Португал хэл): Хамгийн уран тансаг утгатай, орчуулахад бэрх үгсийн нэг. Ганцаардан гуних, бүр халаглан гашуудахыг багтаасан сэтгэлийн бүх л хөндүүр мэдрэмжийг энэ үг бүхэлд нь илтгэдэг. Бүтэлгүй дурлал, шаналтлаа үгүйлсэн сэтгэл, хагацаж салсан дотно нэгний тухай өгүүлдэг португал ардын фаду хөгжмийн дууны шүлэг, торгон мэдрэмжийг мөн саудади гэнэ.  

Эх сурвалж: Монголын үнэн - Н. Энхбат

Sunday, July 17, 2011

Долир Сартр

Амарч байна... Сайхан байнаа... Харамсалтай нь Улаанбаатар хална гэдгийг харин ч нэг үзүүлж байна даа. Халууцаж аядаад арга ядаад 19-ийн үйлчилгээний төвийн хажууд байх "Хүүхдийн сүү"-нээс (Чухам яагаад ч хүүхдийн сүү гэсэн юм? Бодвол хүүхдэд зориулж сүү зардаг болоод л тэр биз? Ажлын нэг хүүхэн бас л "хүүхдийн сүү" гэж ярьдаг?) хөлдүү аарц авлаа гэтэл оронд нь ээдэм өгчихөж. Одоо яая гэхэв нэгэнт авснаас хойш идэхээс.

Хар халуунд гол ус шиг сайхан юм гэж хаа байхав. Хоёр голд ороод амжив.

Эхнийх нь Хэрлэн мөрөн. 

Чингис хааны нутаглаж байсан Эрэг бүрги гэх газар очиж хоёр хоног сайхан жаргалаа. Хоол сайтай аятайхан амралт. Амрах мөрөөрөө амрахгүй бас лэптоп, ном чирээстэй. Гурван кино үзлээ. Озүгийн Токиогийн түүх, Зуны эхэн сар... Их л энгийн, минимал... Яахав зураглал, найруулгадаа л байдаг байх. Тийм ч онц санагдсангүй. Зуны эхэн сар нь илүү романтик бол Токиогийн түүх хотжилт хүний мөн чанарыг хэрхэн үгүй хийдгийг энгийн бөгөөд яруугаар үзүүлсэн байх юм. Гурав дахь нь Жак Бэкэрийн "Нүх" ингэдэг кино. :D

Энэ бол харин маш сонирхолтой бөгөөд маш сайн уран бүтээл. Ер нь бол Стивэн Кинг энэ киноноос л санаа авч "Шоушенкээс оргосон нь"-оо бичсэн байх. Төгсгөлийг нь өөрчлөөд л... ? Эндиг бодвол энд шоронгийнхон багаар ажиллаж бөөнөөрөө оргох төлөвлөгөө боловсруулна. Яг л ДОТА-г яаж багаар тоглодог шиг. Санаа бол чоно. Өмнөөс нь түгшиж гайхсаар байгаад л дуусгалаа. Төгсгөл нь ихэд таалагдав. "Хөөрхий Гаспар"... Эр хүн ер нь бол үнэнч, итгэл алдахгүй л байх хэрэгтэй. Хэлсэндээ хүрдэг. Биелүүлж эс чадваас хэлэхийн хэрэг юун...? Хөөрхий... Арчаагүй амьтан...

Бүрги эргийн дээшээ бяцхан толгод буй, тэнд сууж байгалийн үзэсгэлэнг бишрэнгээ ном унших шиг сайхан юм хаа байна. Толгодын зүүхэн талд "Тогос" уул өд сөдөө гайхуулан ихэмсэг зогсоно. Эгц эргийн дор Хэрлэн мөрөн... цаахнаа бургас, улиас голоо сүлжин ургажээ. Улам цаахнаа уудам тал, уул толгод хосолсон баян хангай нутаг. Ард байх "Хар" уулан дээр Нацагдорж сууж "Миний нутаг"-ийг бичсэн гэж аав хэлж асан. Баруухнаа Антентай уул долгионоо цацан донхолзон зогсоно. Эндээс Эрнест Хэмингуэй, Элий Сартрын хоёр өгүүллэгийг уншив.

Хэмингуэй юу Сартр уу? Хэмингуэйн "Цагаан заан шиг толгод"...? Бас л нэг Озү шиг... Энгийн... Өгүүлэмж хязгаарлагдмал... Дүрслэл, уур амьсгалыг(атмосфер) л үзүүлсэн. "Өвгөн тэнгис хоёр" ч гэсэн... Тийм ч онц биш... Харин Сартрын "Хурьцал" бол хажууд нь хол илүү. Эмэгтэй хүний бодол санааг их л чадварлагаар илэрхийлсэн богино өгүүллэг. Яриад яахав. Өөрсдөө уншиж үзнэ биз. Сартр гэснээс "Дэлхийн сонгомол өгүүллэг"-ийн ард ийм нэгэн элий тэнэг зураг байна.



Аюурзана одоо энэнээс өөр олигтойхон зураг тавьж болоогүй юм байх даа? Харахаар л инээд хүрээд байх юм.

Үргэлжлэл бий...

Monday, May 31, 2010


За сайн уу? Юу байцгаана даа?

Сонин сайхан солио гажуу юу байна гэж үү?

Нэг их сайхан Yes Man л байна даа. Зун цаг ирлээ. Өшөө гоё гоё адал явдал зөндөө тохиолдоно гэж найдаж байна.

За алинаас нь эхэлдэг юм билээ? Аан, тийм нойр. Сүүлийн үед их бага унтдаг боллоо. Үүндээ маш их санаа зовж байна. 4,5 гэж унтаад 7,8 гээд л босчих юм. Тэгсэн мөртлөө нэг их айхтар ядарсан юм байхгүй. Өмнө нь ёстой ядарч мадраад л мяардаг байсан одоо яасан юм бол бүү мэд. Бараг 2 долоо хоног орчим ийм маягаар явж байна ш дээ. Өдөр нь нойр хүрэхгүй. Эсвэл зун болоод, биеийн эрчим чадал, чакра минь ихсээд байна уу?

Saturday, April 17, 2010

Сонин сайхан Солио гажуу 2

Сайн байна уу, сайн байна уу? Сонин сайхан, солио гажуу юу байна? Өө юм юм л байна. Ажил төрөл ахицтай, асар ихээр ашиглуулж, амралтгүй ажиллах маань багассан. Аандаа хийнэ гэсэн зүйлээ ганц нэгээр нь хийж эхэлсэн.

Tuesday, January 26, 2010

Сонин сайхан, солио гажуу-1

Сонин сайхан, солио гажуу юу байна залуу?
"Өө нам тайван..." гэж улиг болсон үгийг хэлэхгүй ээ... :P
Янз янзын л эсэн бусын зүйлс байна. 2010 он гараад бичиж байгаа анхны бичлэг. 21 зүйлийг хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Чухам яг бүгдийг нь хийнэ гэдэг бас л эргэлзээтэй. Оргүйгээс охинтой гэгчээр ядаж төлөвлөгөөтэй гэж худлаа өөрийгөө тайвшруулаад явж л байна. Одоогийн байдлаар бүх юм төлөвлөөгөөний дагуу сайхан явж байна. Гэнэтийн ажлуудыг зохицуулаад л... Тэгж байгаад гэнэт байхгүй болчихгүй л бол...