Амарч байна... Сайхан байнаа... Харамсалтай нь Улаанбаатар хална гэдгийг харин ч нэг үзүүлж байна даа. Халууцаж аядаад арга ядаад 19-ийн үйлчилгээний төвийн хажууд байх "Хүүхдийн сүү"-нээс (Чухам яагаад ч хүүхдийн сүү гэсэн юм? Бодвол хүүхдэд зориулж сүү зардаг болоод л тэр биз? Ажлын нэг хүүхэн бас л "хүүхдийн сүү" гэж ярьдаг?) хөлдүү аарц авлаа гэтэл оронд нь ээдэм өгчихөж. Одоо яая гэхэв нэгэнт авснаас хойш идэхээс.
Хар халуунд гол ус шиг сайхан юм гэж хаа байхав. Хоёр голд ороод амжив.
Эхнийх нь Хэрлэн мөрөн.
Чингис хааны нутаглаж байсан Эрэг бүрги гэх газар очиж хоёр хоног сайхан жаргалаа. Хоол сайтай аятайхан амралт. Амрах мөрөөрөө амрахгүй бас лэптоп, ном чирээстэй. Гурван кино үзлээ. Озүгийн Токиогийн түүх, Зуны эхэн сар... Их л энгийн, минимал... Яахав зураглал, найруулгадаа л байдаг байх. Тийм ч онц санагдсангүй. Зуны эхэн сар нь илүү романтик бол Токиогийн түүх хотжилт хүний мөн чанарыг хэрхэн үгүй хийдгийг энгийн бөгөөд яруугаар үзүүлсэн байх юм. Гурав дахь нь Жак Бэкэрийн "Нүх" ингэдэг кино. :D
Энэ бол харин маш сонирхолтой бөгөөд маш сайн уран бүтээл. Ер нь бол Стивэн Кинг энэ киноноос л санаа авч "Шоушенкээс оргосон нь"-оо бичсэн байх. Төгсгөлийг нь өөрчлөөд л... ? Эндиг бодвол энд шоронгийнхон багаар ажиллаж бөөнөөрөө оргох төлөвлөгөө боловсруулна. Яг л ДОТА-г яаж багаар тоглодог шиг. Санаа бол чоно. Өмнөөс нь түгшиж гайхсаар байгаад л дуусгалаа. Төгсгөл нь ихэд таалагдав. "Хөөрхий Гаспар"... Эр хүн ер нь бол үнэнч, итгэл алдахгүй л байх хэрэгтэй. Хэлсэндээ хүрдэг. Биелүүлж эс чадваас хэлэхийн хэрэг юун...? Хөөрхий... Арчаагүй амьтан...
Бүрги эргийн дээшээ бяцхан толгод буй, тэнд сууж байгалийн үзэсгэлэнг бишрэнгээ ном унших шиг сайхан юм хаа байна. Толгодын зүүхэн талд "Тогос" уул өд сөдөө гайхуулан ихэмсэг зогсоно. Эгц эргийн дор Хэрлэн мөрөн... цаахнаа бургас, улиас голоо сүлжин ургажээ. Улам цаахнаа уудам тал, уул толгод хосолсон баян хангай нутаг. Ард байх "Хар" уулан дээр Нацагдорж сууж "Миний нутаг"-ийг бичсэн гэж аав хэлж асан. Баруухнаа Антентай уул долгионоо цацан донхолзон зогсоно. Эндээс Эрнест Хэмингуэй, Элий Сартрын хоёр өгүүллэгийг уншив.
Хэмингуэй юу Сартр уу? Хэмингуэйн "Цагаан заан шиг толгод"...? Бас л нэг Озү шиг... Энгийн... Өгүүлэмж хязгаарлагдмал... Дүрслэл, уур амьсгалыг(атмосфер) л үзүүлсэн. "Өвгөн тэнгис хоёр" ч гэсэн... Тийм ч онц биш... Харин Сартрын "Хурьцал" бол хажууд нь хол илүү. Эмэгтэй хүний бодол санааг их л чадварлагаар илэрхийлсэн богино өгүүллэг. Яриад яахав. Өөрсдөө уншиж үзнэ биз. Сартр гэснээс "Дэлхийн сонгомол өгүүллэг"-ийн ард ийм нэгэн элий тэнэг зураг байна.
Аюурзана одоо энэнээс өөр олигтойхон зураг тавьж болоогүй юм байх даа? Харахаар л инээд хүрээд байх юм.
Үргэлжлэл бий...
xaxa ene zurgiig urid n haraagui bi bas Dolir Tsarai muut baih n :p
ReplyDelete