Sunday, March 7, 2010

Дурсамжийн тасархайнаас...

Зуны нэгэн сэрүүн орой Бөмбүүлэйг дээд давхарт нь байх Шонхоо дуудан, хоюулаа гарч тоглохоор болов. Дөнгөж байрных нь ард байх цэцэрлэг уруу орцгоох нь тэр. Эхлээд том поошиг бүхий өнхрүүл дээр хар хурдаараа гүйн хэн хурдан эргүүлэхээ үзэв.
Дараа нь савлуур дээр хэн нь айхгүй олон тулгах нь уу үзлээ. Гэвч нь хоюулангийнх зориг эс хүрсэн тул хэн нь ч тулгаж чадсангүй. Ингээд дараа дүүжин даажин дээр суун хэн нь ялахаа үзлээ. Шонхоо чөргөр Бөмбүүлэйг бодвол илүү махлаг байсан болохоор энэ удаа түүнийг хялбархан ялав. Дараа нь хоюулаа гулсуур дээр баахан гулгалаа. Их гулгах тусам үнэхээр сайхан байсан болохоор аль болох бие биеэсээ их гулгахыг хичээж байв. Гэнэт хоюулаа шатаар авиран хэн нь түрүүлж гулгахаа шийдэхээр хоёр гараараа тулгуурнаас нь барин цээжээрээ түлхэлцэн хүчээ үзлээ. Бөмбүүлэй бацаан хамаг хүчээрээ зүтгэсэн түүнийг дийлсэнгүй. Шаралхсан бацаан Шонхоод нулимсан харуулахгүйн тулд гэрийн зүг яаран гүйж байлаа. . .


Бас нэг удаа байрныхан арын цэцэрлэгт сагсдах боллоо. Шийд нь маш нам болохоор тухайн үеийн бацаанууд Ийгл-р үзсэн сагсчдыг дуурайн бөмбөгөө эвсэлгүй нь аргагүй тохож байлаа. Гэнэт хаа нэгтэйгээс нэгэн эмэгтэй:
- Хөөш Бөмбүүлэй ор! Дүүгээ харахгүй яагаад гадуур тэнээд байгаа юм бэ? гэж ууртай аргагүй загнан дуудав. Бөмбүүлэй хариуд нь:
- За одоохон ээж. Ингээд доош харж явж байгаад шийдний самбарын буланг толгойгоороо мөргөчихөв. Тухайн үед нь өвдөөгүй тул үргэлжлүүлэн найзуудтайгаа сагсдлаа. Гэнэт бөмбөгөн дээр багахан цус болсон байлаа. Гайхан цааш үзвэл, гар нь мөн цус болсон байлаа. Айсан жаалхүү дахиад хартал гарыг нь даган цус урссан байх бөгөөд толгой нь хагарсныг мэдэлгүй тоглож байсан нь тэр ажээ. Цусаа харсан жаалхүү уйлан гэрийн зүг гүйв.

Бөмбүүлэй найзуудтайгаа цэцэрлэгийн хашаанд тоглож байлаа. Гулсуурны тэр хавьцаа Шонхоотой хамт хоюулхнаа хөлбөмбөгдөж байлаа. Хашаанд боксерын жаахан гөлөгтэй 10-11 орчим настай биднээс арай ах нэг хөвгүүн орж ирлээ. Бид хоёрлуу нохойгоо тавихад хоёр тийшээ салан гүйв. Харамсалтай нөгөө аймшигт нохой Бөмбүүлэй бацааныг хөөж, тэр ч "эээ..." гэж муухай орилон гэрлүүгээ чавхдлаа.

Нэг удаа цэцэрлэгт байрныхаа нэг охинтой чартаа тоглож байлаа. Бөмбүүлэйгийн хувьд чартаа их амархан, утгагүй тоглоом санагдаж байлаа. Гэнэт охины ахыг нөгөө байрны баахан хүүхдүүд хөөн цэцэрлэгийн хашаанд орж ирээд дүүгийнх нь дэргэд ахыг нь зодож эхлэв. Зодуулж эхлэхээсээ өмнө надад нөгөө хэдийг дуудаарай гэх гэлээ. Би гялс дуудчихаад булангаас харж байлаа. Нэг нь үсдэж аван нүүр лүү нь өшиглөн, энэ хооронд хажуунаас 2, 3 нь орно. Ихэнхи нь надаас том хүүхдүүд байсан болохоор орох зориг үл хүрнэ. Хөөрхий дүү охин нь "Ахаа, та нар болиоч" гэж уйлаад л... яг энэ үед миний үеийн нэг бацаан гүйж ирснээ ахынх нь нүүрлүү өшиглөх үед манай хэд ирж харагдана. Тухайн үед тэр бацааныг барьж авъя гэж бодсон ч олон том хүүхдийн дэргэд байсан болохоор Бөмбүүлэй хөдөлсөнгүй. Цусандаа хутгалдсан ахыгаа дагуулан уйлсан охин гэртээ орж, улайрсан байрныхан увайгүй нөхдийг хөөнө.
 

2 comments:

  1. jaaxan oxind 1 uchir bna uu ugui yu?

    ReplyDelete
  2. Үгүй ээ, ямар ч учир байхгүй. Одоо бол би царайг нь ч санахгүй байна.

    ReplyDelete