Хаалгыг нэгэн хэвийн хэмнэлтэйгээр зогсолтгүйгээр нүднэ. Би компьютерийнхээ ард сууж байсан болохоор босохоос залхууран сонсоогүй дүр эсгэн Новакын "In the Tatras"-ыг сонсонгоо буржаакын солиотой өгүүллэгүүдийг уншиж баясна. Болор хажуу өрөөнөөс гарч ирэн хаалгаа онгойлгож найз залуугаасаа гүүд жоб? гэж асуухад өнөөх нь уцаарлангуйгаар юуных нь гүүд жоб? байд жоб. Хоол байна уу? гээд угаалгын өрөөнд гараа угаахаар орлоо. Удалгүй өрөөндөө орж ирэн шалгалт гайгүй юу? гэхэд гайгүй ээ гэж хэлээд найз охин нь мах хэрчинэ.
Удалгүй миний баас хүрч уламжлал ёсоор жорлонд орохдоо ном авч ордогын хувиар энэ удаа Фолкнерын "Баавгай"-г уншихаар авч оров. Гурван минутын хугацаанд нэгэнт бааж дууссан болохоор хаана зогссоноо тэмдэглэж аваад буцаад цахимжийнхаа ард суулаа. Дүү охин босчихож, миний бичиж байгаа энэ балай юмыг харчихаагүй байх даа хэмээн дотроо эргэлзэн сэрэмжлэн бодов.
Ирэх долоо хоногт франц хэлний шалгалттай, ойрд ажил ихтэй, хандивлагчид ирсэн болохоор орчуулах, ийш тийшээ явж хуралд суух гэх мэтийн ажил ихтэй. Орой ирээд л унтахаа л бодох юм. Иймд франц хэлээ давтаж амжуулахгүй жаахан тиймхэн л байна. Дээр нь бага багаар япон хэл минь надаас хөндийрөөд ч байх шиг. Уул нь энэ тал дээр бодсон юм байгаа л даа. Өнөөдөр уул нь бүтэн сайн өдөр юм чинь япон хэл нь байг гэхэд франц хэлээ давтъя гэж доторх бурхан минь хэлэх юм. Гэнэт чи хангалттай их ажиллаж байгаа сайн амар, залуу насанд зугаа цэнгэл хэрэгтэй. Кино үз, хөгжим сонс, гарч найзуудтайгаа ДоТад гэж зүүн чихнээ чангаас чанга хашгирна. Тэгснээ аажуухнаар "сайхан унт" зальтайгаар шивэгнэнэ. Гэтэл би өнөөдөр 1,30 гэж босч байдаг. Боссоноо Уаилдын "Кэнтервэйлийн хий үзэгдэл"-г уншаад эрэгтэй дүүг цахимжаас босгоод уламжлал ёсоор цахим шуудан, жиргээ, ордог хэдэн блогоо шалгаад сууж байдаг.
Ер нь бодоод байхад их хотын түм түжигнэсэн, бум бужигнасан амьдралын энэ балай хэмнэлд автчихаар өөрийгөө бага багаар алдаад энэ урсгалын нэгээхэн хэсэг болчих гээд байх юм. Тэгснээ гэнэт ийм юм болж байна шүү гэж ухааран бодно. Өөртэйгээ ганцаархнаа байх цаг гаргаж чадахгүй л байна даа. Тэгээд ер нь бодохоор ажил ихтэйдээ ч биш, ажлаа зохицуулж чадахгүй, эсвэл хэт их зугаа цэнгэл, сэтгэл ханамжийг эрж дэмий зүйлд цагаа зарцуулж байгаа ч юм шиг. Тэгээд яг бодохоор бас ч гэж тэгж нэг их өөрийгөө эрхлүүлсэн зүйл байхгүй ээ. "Сул цаг"-ийг л дэмий өнгөрөөгөөд байх шиг...
No comments:
Post a Comment