Нэг.
Хэд хоногийн өмнө... Бараг сарын ч өмнө юм уу... гэрлүүгээ харих замд 7-8 настай нэгэн хүүтэй таарлаа. Гартаа хоёр гурван пийвний шил, ундааны сав барьжээ. Өмссөн зүүсэн нь тийм ч бохир заваан биш. Гэртээ байгаа хэдэн шилийг тушааж, мөнгөтэй болохыг хүссэн жаал гэж таав. Би ч бас багадаа гэрт үлдсэн архи, ундааны шил тушаадаг байсан. Ялангуяа ундааны шил бол овоо үнэд хүрнэ. Тэр үед ширхэгийг нь тавиар тушаадаг байсансан. Найзуудтайгаа нийлэн гэр гэрээсээ шил авч ирэн тушаахад нэлээн хөөрхөн мөнгөтэй болдог байж билээ.
- Шил хэдээр авдаг юм?
-Тэр: Мэдэхгүй.
- Манайд хэдэн шил байгаа. Чи авах уу?
- Тэгье гэж хэлснээ шилээ тушаан үлдэв. Хүлээхэд ядаргаатай санагдсан тул лай гэж бодоод цааш алхав... Эргэж хартал хоосон тороо барьсан жаал гүйж байна.
Өмнөх өдөр нь сайн найз минь ОТ-оос ирж, түүнтэй хамт хэдэн шил пийв уусан. Түүнээс үлдсэн хэдэн шилийг өгөөд, гал тогооноос "Та Чи"-гийн нэг боов авч өглөө. Би ч гэрээс юм авах гэж ирсэн болохоор удалгүй гарав. Намайг гартал, гадаа мань эр шилнүүдээ янзлан байж байна.
- За яав?
- Эндээс бас хэдэн шил олсон юмаа.
- Ммм... Маруужин идэх үү?
- Гүү ээ. Надад зөвхөн мөнгө л хэрэгтэй.
- (Ийм жаахан хүүхэд маруужин, чихэр бэчээн гэдэггүй л юм бол мөнгөөр юугаа хийдэг байнаа?!) Чи мөнгөөр яадаг юм?
- Дархан явна. Авга ах дээрээ очно.
- Дархан гоё уу?
- Гоё оо
- Ммм... Ойрхон байх байшинг заан "Танайх энэ байранд байдаг уу?"
- Би гэргүй.
- Худлаа яриад бай
- Нээрээ!
Хоёр.
Тэрний дараа өдөр. Утсаар ярих гээд ажлаас гарав. Нэлээн удаан ч ярилаа. Энэ хооронд нэг жаал ар өврөөр гүйгээд л байх шиг болов. Бас л 7-8 насны хүүхэд. Хажууд байдаг элсний талбайд тоглож байхдаа барьж байсан ундааны саваа урдаа зөрүүлж барин оруулахгүй гээд л урд зогсоод байлаа. Сониуч зан хөдлөн
- Яасан?
- Оруулахгүй. Эндээс оруулахгүй. Таны утас нээрээ минийхтэй адилхан юм байна.
- Аан, тийм үү? Би энийг дүүгээсээ авсан юм.
- Та надтай тоглох уу?
- Одоо юу?
- Тийм ээ. Тоглохгүй бол оруулахгүй.
- Ах нь тоглоноо. Танайх энд байдаг юм уу?
- Тэхх. Энд байдаг
- Чи сурдаг уу? Хэддүгээр анги вэ?
- Би одоо 2-р анги.
- Одоо ах нь ажил ихтэй байна. Хоёулаа дараа тоглоё тэх үү?
- Хэзээ тоглох юм? Нэгдэхэд үү?(өнөөдөр тавдахь)
- За.
- Хоёулаа дөрвөн цагт энд уулзаж тоглоё.
- За.